Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр хуралдаж, 7 намын өргөдлийг хэлэлцэв. Тус шүүхийн шийдвэр:
1.Монголын ардчилсан хөдөлгөөний намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх, Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, эдгээр намын дүрмийг бүртгэлээ.
2.Монголын уламжлалын нэгдсэн намын даргаар Л.Өнөрбаяр сонгогдсоныг болон намын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх, Монгол консерватив нам (МКН)-ын даргаар Б.Сайнбаяр сонгогдсоныг болон намын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, намын дарга болон намын дүрмийг бүртгэхээр шийдвэрлэв.
3.Эрх чөлөөний эвсэл нам (ЭЧЭН)-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд, намын дүрмийн 23.2 дахь заалтын “УИХ болон” гэх хэсэг нь Улс төрийн намын тухай хуулийн 19.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 19.4, 19.5-т заасан журмыг намын төлөөллийн төв байгууллага батална” гэсэнд нийцэхгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, намын дүрмийн бусад хэсгийг бүртгэхээр шийдвэрлэв.
4.Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)-ын шинэчилсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд, тус намын дүрмийн 12.3.2 дахь заалтын “намын Удирдах зөвлөлөөс” гэх хэсгийг бүртгэхээс татгалзаж, бусад хэсгийг бүртгэв.
5.Иргэний зориг ногоон нам шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр УДШ-д 2 өөр өргөдөл гаргасан байна. Эдгээр өргөдөл нь 2 өөр, тусдаа дүрэм байв.
- 2026.03.09-нд тус нам онц их хурал хуралдуулан, намынхаа даргаар Р.Батболдыг сонгосон. Ийн Р.Батболд өөрийгөө болон намын дүрмээ бүртгүүлэхээр 2026.04.09-нд өргөдөл гаргажээ.
- 2026.04.26-нд тус намын ээлжит бус XIII их хурал хуралдан, дүрмээ шинэчилжээ. Түүнийгээ бүртгүүлэхээр Б.Батбаатар 2026.04.29-нд УДШ-д хандсан байна.
УДШ нийт шүүгчийн хурлаар уг 2 өргөдөл, 2 дүрмийг бүртгэх эсэхийг хэлэлцээд, “Улсын дээд шүүх нэг намаас нэг дүрэм бүртгүүлэхээр ирүүлсэн нэг өргөдлийг хүлээн авч хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр бүртгэсэнгүй. ИЗНН-д дотоод маргаанаа шийдвэрлэж, 1 дүрэм, 1 өргөдөл ирүүлэх хугацаа олголоо. Тус нам 2026.06.29-ний дотор нэгдсэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Энэ хугацаанд намын дүрмээ бүртгүүлэх нэг өргөдлийг дүрмийн хамт ирүүлэхийг ИЗНН-д тус шүүх даалгав.

