Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар 4 дэх удаагаа яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тэд яаралтай дархлаажуулалт нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, 2018.09.12-2020.04.02-ны хооронд 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт 3 тэрбум 927 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Тэд 16 сая тун мялзангийн вакциныг 1 тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авсан байдаг. Үүн дундаас 778.000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар 2 тэрбум 78 сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон.
Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлэлгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Уг нэмэлт ажиллагааг АТГ хийгээд, 2024 оны 8 дугаар сард дахин тус шүүхэд шилжүүлсэн ч бас л буцаасан. 3 дахь удаад 2025 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлсэн ч ахиад буцаасан. Энэ удаад 4 дэх удаагаа шүүхэд шилжүүлж байна.
Д.Түмэндэмбэрэл төрсөн охиныхоо нэр дээр 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авч, тухайн орон сууц болон мөнгөний эх үүсвэрийг 2018-2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Өөрийнх нь хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байхад тэр нь хууль ёсных болохыг АТГ-т үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.

