“Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК холбогдох хууль, журмын дагуу төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлдэг. Сүүлийн үед ТОСК-ын нэрийг барьж “Байр бүтээж өгнө”, “Орон сууцны бүртгэлд хамруулна“ хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч буй аж. Ийм залиланд өртөхгүй байхыг иргэдэд ТОСК сэрэмжлүүллээ. Тус корпорацын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй.
Төслүүдийн явцын мэдээлэл:
– Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур 1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй орон сууцны хороолол. Барилга, байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явж байна.
– Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Солонго 1”, “Солонго 2” төслийн орон сууц одоогоор ашиглалтад ороогүй байна.
Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.
Иймд мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас авч, худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг иргэдэд ТОСК анхааруулж байна. Тус корпорацын орон сууцтай холбоотой мэдээллийг www.tosk.gov.mn-ээс авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7288-7788 дугаарын утсаар лавлахыг зөвлөе!

