Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-нд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.
Тус мото наадамд Монгол Улсын 70 мото клубийн 3800 гаруй мотоциклчин оролцохоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид ирнэ.
Уг наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан, нээлтэд оролцож, 11:00 цагт нэгдсэн цуваагаар хөдлөн, Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таваншар- 22-ын товчоо- Говь ресорт” гэсэн маршрутаар явна. Мото наадам “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ.


