Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 5 дугаар сарын 25-29-нд шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоо 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 хүн тухайн албан үүргийг гүйцэтгэвэл илт ашиг сонирхлын зөрчил үүсэхийг АТГ тогтоож, өөрт нь болон холбогдох албан тушаалтанд нь мэдэгдсэн байна.
АТГ өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлээд буй аж. Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

