“Улаанбаатар метро” төслийн менежер Т.Мөнхдалайг ахынх нь хэрэгт холбогдуулан АТГ саатуулжээ. Түүнийг өчигдөр орой саатуулан ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хүргэсэн байна. Т.Мөнхдалайг 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ. Тэр нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотойгоор АТГ-аас баривчлаад буй 3 дахь албан тушаалтан боллоо.
Т.Мөнхдалай бол нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн төрсөн дүү. “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан компанийн 1 нь Б.Анхтуяагийн нэр дээр байсан аж. Б.Анхтуяа бол Т.Даваадалайгийн эхнэр. Энэ хэрэгт Б.Анхтуяагийн үеэл дүү Н.Билгүүнийг яллагдагчаар татан, 5-р сарын сүүлчээр цагдан хорьсон. Н.Билгүүнийг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Т.Даваадалайг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авч, мөнгө угаасан гэх хэргээр АТГ эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа. Түүнийг “Туулын хурдны зам” төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахдаа аж ахуйн нэгжүүдээс 6.6 тэрбум төгрөг авсан гэж сэжиглэн, мөрдөн шалгаж байгаа юм. Тэрээр эхнэр Б.Анхтуяа, түүний үеэл “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг авсныг АТГ тогтоогоод байгаа аж.
Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар 2026.05.19-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд 24 мега төсөл, “Туулын хурдны зам” төсөл, “1-р тойрог зам” төсөл, “Сэлбэ дэд төв” төсөлтэй холбоотой хэргүүдийг шалгаж байгаа. Хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:
- Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5, нийт 24 төсөл байна. Үүнээс 11 төсөлд ямар нэг санхүүжилт олгоогүй бол 13-т нь санхүүжилт олгон, хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
- Эдгээр 13 төсөл, хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл, 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авчээ. Эдгээр баримтад зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
- Төсөл, нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
- Эдгээр төсөлтэй холбоотойгоор арилжааны банкинд нээсэн 30 данснаас нийт 266 их наяд төгрөг зарлагадсан байв. Эдгээр гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байна.
- Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч, цахим систем, гар утас, дансны мэдээлэлд 24 удаа үзлэг хийжээ.
- Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авч, 3 хүнийг яллагдагчаар татан, 2 хүнийг цагдан хорьж, 1 хүнийг саатуулаад байна.

