horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Заамарын засаг дарга асан Л.Амгаланбаярт 4 жил хорих ял оноолоо

post-img

Төв аймгийн засаг дарга асан Л.Амгаланбаярт холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэр “Сумын ЗДТГ-т авто принтер хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд авч өгнө үү” гэсэн саналыг Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэнд тавьжээ. Үүний дараа иргэн П-с 2010 онд үйлдвэрлэсэн авто принтер худалдан авахыг санал болгож, Ш.Лхагвасүрэнгээр П-д 130 сая төгрөг төлүүлж, уг техникийг авахуулсан байна.

Ингээд зогсолгүй Заамар сумын МАН-ын гишүүдийг гадаад улсад сургалтад явуулах зардал гэж Ш.Лхагвасүрэнгээс 3 сая төгрөг авсан байна.
Мөн “Сумын ЗДТГ-т авто зам индүүдэгч хэрэгтэй” хэмээн Э ХХК-ийн захирал Ц-гээр иргэн Ц-с 2013 онд үйлдвэрлэсэн зам индүүдэгч механизмыг 90 сая төгрөгөөр авахуулжээ.

Заамар суманд уурхайн эрхэлдэг Э.Бямбасүхийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах гэсэн ашиг сонирхлыг ашиглан, түүнээс тээврийн хэрэгслийн засварын мөнгө, сургуулийн багш нарт мөнгө өгөх нэрийдлээр хахууль өгөхийг шаардаж 2.5 сая төгрөг авсан аж. Алтны бичил уурхай эрхлэгч Г.Цэрэндагваас үйл ажиллагаанд нь саад болохгүй байх нөхцөлөөр 7 сая төгрөг авчээ.

Түүнээс болоод Э.Бямбасүх, Ш.Лхагвасүрэн, Г.Цэрэндагва нар сумын засаг дарга Л.Амгаланбаярын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.

Энэ хэрэгт Төв аймгийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Л.Амгаланбаярыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг, мөн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Э.Бямбасүх, Ш.Лхагвасүрэн, Г.Цэрэндагва нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 7 жил томилогдох эрхийг нь хасаж, 4 жил хорих ял оноолоо. Э.Бямбасүх, Ш.Лхагвасүрэн, Г.Цэрэндагва нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Л.Амгаланбаярын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан түүнд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 4 сая төгрөгөөр торгов.

0/1000