Мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр нийслэлийн засаг дарга 2026 онд А/387, А/552 дугаар захирамж гаргасан юм. Нийслэлийн засаг даргын захирамжид үндэслэн, нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрөл авчээ.
Үүнийг Авлигатай тэмцэх газар хянаад, мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл уг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, түүнд зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэлийн засаг даргад 2026.04.28-нд зөвлөж, албан бичиг хүргүүлжээ.
Учир нь Улаанбаатар хотод унадаг дугуй, мопед, скүүтер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу тавиагүй. Мопед, скүүтерийг бүртгэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй. Зөвшөөрөл олгох улсын тэмдэгт, татвар, төлбөр, хураамжийн хэмжээ тодорхойгүй. Мопед, скүүтерийг ямар тээврийн хэрэгсэлд хамааруулахыг хууль тогтоомжоор тодорхойлоогүй. Гэтэл нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд хуулиар олгоогүй эрх хэрэгжүүлсэн гэж АТГ үзсэн байна.
Хүний амь, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах шаардлагатай аж. Зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээр шийдвэр гаргуулах, мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох хэрэгтэй гэж АТГ үзэж байна. Тэр болтол дээрх 6 аж ахуйн нэгжид олгосон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг АТГ-аас нийслэлийн засаг даргад зөвлөжээ.
Үүнд үндэслэн нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва 2026.06.02-нд А/820 дугаар захирамж гаргаж, мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

