Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн 2 хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ч.В 2026.02.22-нд Монгол Улсын хилийг боомтгүй газраар нууцаар даван, Хятад улсын хил нэвтрэх гэж яваад баригджээ. Түүнд гадаад паспорт, үнэмлэх гэх мэт зохих баримт бичиг байгаагүй аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.
Монгол Улсын иргэн Д.А нь Г.Д-тай үгсэн тохиролцож, түүний эзэмшдэг тээврийн хэрэгсэлд нуугдан, 2025.12.02-нд Замын-Үүд дэх авто замын боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтэрчээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

