Нийслэлийн Баянгол дүүргийн 15-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Кимбаб чонгүг” хоолны газарт засвар хийж байсан 15 настай хүү барилгын хана нурахад дарагдаж, амиа алдсан. Энэ оны 5-р сарын 18-нд гарсан уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Болсон явдлын талаар ар гэрийнхэн нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
5 настай хүүгийн эгч “Дүүгийн маань ээж бие муутай. Ээждээ туслахаар явж байгаад ийм харамсалтай явдал боллоо. Миний дүү өмнө нь ажил хийж үзээгүй. Ээжийнхээ эм тариаг авахын тулд ажил хийж байсан. Уг нь барилгын хог хаягдал цэвэрлэнэ гэсэн ч хүнд даацын хана нураалгасан байна лээ. Дүү минь сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнөөс завсардсан. Ар гэрт нь ямар ч хохирол барагдуулаагүй. Ажилд зуучилсан “Самушил” гэдэг газар “Ийм явдал өчнөөн гардаг. Насанд хүрээгүй хүүхэд ажиллаад, нас барсан тохиолдол өчнөөн байгаа. Хуулиараа явна” гэх хариу өгсөн. “Самушил” гэх газарт үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.
Талийгаач хүүгийн төрсөн ах “Дүү чинь нурангид даруулчихлаа гэсэн дуудлага аваад хороололд байх “Кимбаб чонгуг” гэдэг хоолны газар очсон. Тэгэхэд аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн муу мэдээ дуулгасан. Өмнө нь ажилд гарахдаа надтай хамт гардаг байсан ч тэр өдөр ганцаараа надад хэлэлгүй явсан байна лээ. Бид ам бүл гурвуулаа амьдардаг. Намайг ажилтай үед ээжийг гэртээ хараад үлддэг байсан ч тэр өдөр хэлэлгүй гарч явсан байсан. Би өөрөө 18 настай. Хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагад хандахад “Шүүхийн шийдвэр гараагүй болохоор хүлээж бай” гэсэн гэж ярилаа.
Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна лээ. 2026 оны 5 дугаар сарын 18-ны 15:00 цаг орчимд энэ хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхэд тухайн газарт очиж, барилгын хана нураах ажил хийсэн байна. Монгол Улсад 13-15 насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ ямар ажил хийж болохыг салбарын сайд нь баталдаг. 13-15 настай хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл ажил олгогч, ажилд зуучлагч аль аль нь хууль дүрмээ баримтлаагүй, зөрчсөн байна. Бид өнөөдөр ар гэрийнхнийх нь хүсэлтээр хүүхдээр эрхэлж болохгүй ажил хийлгэхгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдүүлэх, дахиад ийм харамсалтай хэрэг гаргахгүй байх үүднээс Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүлж байна” гэв.

