horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ББСБ, банк, даатгалынхнаас иргэдийг өмгөөлөх омбудсмэн гэж хэн бэ?

post-img

Тэтгэврийн зээл авах гэтэл банк өгсөнгүй юү? Орон сууцны зээл хөөцөлдөх гэтэл 40 хүрсэн гээд насаар “заазалчхав” уу? Даатгалын компани байрны, машины даатгал гэж сар бүр мөнгө авчхаад, эргээд хандахад өшиглөөд гаргасан уу? Баргийн хүн уншиж чадахааргүй жижигхэн бичсэн гэрээгээ тайлбарлаж өгөлгүйгээр гарын үсэг зуруулсан уу?

Ийм тохиолдолд хүмүүс зүгээр л гомдоод өнгөрдөг. Их л сайндаа бусдад муулна. Тэгээд л гүйцээ.

Одоо харин ийм тохиолдолд очих газартай, гомдлоо шийдүүлэх байгууллагатай болох нь. Мөнгө санхүүгийн харилцаанд орж байгаа хүн бүрийн эрхийг хамгаалах, гомдлыг барагдуулах зорилгоор УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулан, 2026.05.21-нд УИХ-д өргөн бариад байна.

Өнөөдөр монгол хүүхэд бүр банканд данстай, зарим нь банкны карттай. Банк, ББСБ, ломбард, аппликэйшн гээд зээл өгдөг бүх газраас давхар давхар зээл авсан хүн зөндөө. Ийм байдлаар хүүхэд, хөгшидгүй санхүүгийн хэрэглэгч болсон. Гэвч тэдний олонх нь санхүүгийн наад захын мэдлэггүй. Ямар сайндаа л ББСБ-аас гар утас зээлээр аваад, түүнээс ч хямд үнээр “Теди”-гийн худалдаачинд зарах билээ дээ. Энэ хүн гар утасныхаа зээлийг төлөх магадлал бараг тэг. Үүнийг мэдсээр байж ББСБ-ууд зээл олгосоор байдаг нь бүүр хачин.

Ийм байж боломгүй, санаанд багтамгүй, замбараагүй байдал манай улсын санхүүгийн салбарт үүсээд байна. Үүнийг цэгцлэхэд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль ус, агаар мэт хэрэгтэй байгаа юм. Энэ хууль зээлдэгчийг ч, зээлдүүлэгчийг ч хамгаална гэдэг нь үүнээс тодорхой байгаа биз?

Омбудсмэн гэж хэн бэ?

Омбудсмэн бол санхүүгийн салбарт үүссэн маргааныг зохицуулах үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд тусгаснаар УИХ-ын Эдинй засгийн байнгын хороо 7 гишүүнтэй ТУЗ томилно. ТУЗ-ийн дарга орон тооны, гишүүд орон тооны бус байна. ТУЗ сонгон шалгаруулалт зарлаж, омбудсмэнийг сонгон ажиллуулах аж.

Омбудсмэн хэрэглэгчийн гомдол, маргааныг 3-30 хоногт бие даан хянан шийдвэрлэх үүрэгтэй. Ингэхдээ төлбөр авахгүй. Омбудсмэний шийдвэрийг банк, ББСБ, ломбард, даатгалын компани, зээл олгогч иргэн эсэргүүцэх, шүүхэд хандах эрхгүй. Зөвхөн иргэн л омбудсмэний шийдвэрт сэтгэл дундуур байвал шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой. Омбудсмэний шийдвэр яг шүүхийн шийдвэр шиг хэрэгжинэ. Түүний шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүхээр баталгаажуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага омбудсмэний шийдвэрийг хүлээн аваад, албадан биелүүлнэ.

Тэгэхээр иргэд гомдлоо шийдүүлээд зогсохгүй, төлбөр төлөхгүй, хурдан гэдэг нь давуу тал аж. Шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж авдаг бол омбудсмэн төлбөр авахгүй. Шүүх анхан, давж заалдах, хяналтын гэсэн 3 шат дамжаад, хэдэн сар, жилээр сунжирдаг бол омбудсмэн 30 хоногт асуудлыг шийднэ. Хувь хүнээс мөнгө зээлж авсан иргэн ч асуудлаа омбудсмэнээр шийдүүлэх боломжтой.

Санхүүгийн харилцаанд орж буй хэрэглэгчийн эрхийг ингэж хамгаалснаар зээл олгогч, зээлдэгч хоёул хариуцлагатай болно. Тэр хэрээр эрсдэл буурна. Эрсдэл буурахын хэрээр зээл олгогчийн зардал багасах тул зээлийн хүү буурна гэж УИХ-ын гишүүн Э.Болормаа онцлов.

Зээлийн хүү буурна гэдэг бол сайхан мэдээ. Одоо бол банк, ББСБ-ууд зээлийн хүүгээ багасгахын оронд “Сарын 1.2%” гэх зэргээр хүүг танилцуулга, гэрээ, реламдаа сараар бичдэг. 1.2% гэдэг тоог харахад бага мэт боловч жилээр бол 14.4% болдог. 14.4% гэдэг тоог хэн ч бага хүү гэж бодохгүй. Ийм аргаар иргэдийг төөрөгдүүлж, зээл авахуулдаг тул Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд зээлийн хүүг заавал жилээр бичдэг болгохоор тусгажээ. Зээлдэгчтэй байгуулах гэрээг ч том үсгээр, харагдахуйц бичдэг болгох юм байна.

Иргэдийг удаа дараа хохироож, омбудсмэнд байнга дуудагдаж байгаа банк, ББСБ гэх мэт байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк анхааралдаа авч, шалгалт оруулах, үйлчилгээний эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс ББСБ, банкууд иргэдийг аль болохоор гомдоохгүй, шударга ажиллахад анхаарч, асуудлыг тэр даруй шийдвэрлэдэг болно гэж уг хуулийн төслийг санаачлагч Э.Болормаа гишүүн үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хоронд 2025 оны эхний хагас жилд албан бичгээр 401, цахимаар 135, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан 70 иргэн гомдол гаргажээ.

 Нийт өргөдөл гомдлын тоо (салбараар)

Салбар    2022.IV    2023.IV    2024.IV  2025.II
Албан бичигInfo11-11 төвНийтЭзлэх хувь
1Даатгал257453475162904329549.0%
2Үнэт цаас135121137604168013.0%
3ББСБ1401721409230512721.0%
4ХЗХ20142925254.0%
5Мөнгөн зээлийн үйл ажиллагаа  –252641315.1%
6ВХҮҮ246391.5%
7Бусад77128243612396.4%
Нийт62988885440113570606100%

Одоо ч хаа нэгтээ хэн нэгэн хаана хандахаа мэдэхгүй яваа. Түүний асуудлыг шийдэхийн тулд омбудсмэн яаралтай хэрэгтэй байна. 

0/1000
Даринчулуун Отгон

холбогдох дугаар бну