Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 6 дугаар сарын 9-10-нд Залаатын ам болон Хүрэл тогоот орчмын нийт 2,000 га талбайд агаараас хор цацаж байна. Ойн газрын захиалгаар хийж байгаа энэ ажил нь ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой юм.
Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүсэж байгаа тул Ойн газар 2000 га талбайд агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл цацаж байна. Иймд иргэд та бүхнийг 10-14 хоногт Богдхан уул руу явахгүй байхыг зөвлөж байна.


