Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэв. Уг төслийг Засгийн газар 2026.05.26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашиг малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулж, нөөц ашигласны, төлбөр, нөхөн сэргээлтийг зохицуулах талаар уг төсөлд тусгажээ.
Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг 10 хувьд хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр 2010 оноос хойш хайгуул хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж баталсан 20 гаруй төсөл хэрэгжүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр”, Оюутолгой ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ын орлого өснө. Хуулийн төсөл батлагдвал олон жил гацсан зэсийн ордуудаас гадна 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Хариуцлагатай уул уурхайг бодитоор бий болгож, татварыг сууриар нь тэлж, орон нутгийн төсөв, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн юм.
Уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлж, төсөл хэрэгжүүлэгчээс нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулах буюу хариуцлагын төлбөр байршуулах, 100 хувь өөрийн хөрөнгө, техникээр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсний дараа төлбөрийг эргүүлэн авах зохицуулалтыг тусгасан аж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ хийхэд хуулийн давхардал 267, зөрчил 150, хийдэл 150 байжээ. Эдгээр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

