Төрийн нууцын тухай хуулийг УИХ шинэчлэн баталбал албаны нууцад хамаарах 882 мэдээлэл ил болж, улмаар төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчин бүрдэх юм байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдана. Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор батлагдсан салбар, байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээлэл 200 болж цөөрнө.
Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхийг өчигдөр УИХ-ын АБГББХ хэлэлцэж, 19 гишүүний 52.6 хувь нь дэмжив. Засгийн газар 2026.03.18-нд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Үндсэн хуулийн 16.17-д “… төр, түүний байгууллагаас хууль, ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Энэ дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг баталжээ. Төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг ийн анх удаа хуулиар зохицуулсан аж.
Үүнээс хойш 2016.12.01-нд Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж, албаны нууц хэмээх нэр томьёо тодорхойлогдон, өдгөө практикт хэрэглэгдэж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.3.2-т “Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно” гэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.4.1-т “Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно” гэж тус тус заасан байдаг. Эдгээр бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 7 бүлэг, 39 зүйлтэйгээр боловсруулжээ.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон, төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж, улмаар төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах явдал түгээмэл гарч байгаа.
Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд байгаа албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь халж, хуулийн нэрийг Төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж, зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Энэ төсөл батлагдвал төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдгаа больж, УИХ батлах аж.

