Өнөөдрийн байдлаар манай улсын 135 мянгаад иргэн 4-5 аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн тэтгэврийн санд 80 гаруй тэрбум төгрөг хуримтлуулжээ. Үүнийг зохицуулах эрх зүйн орчин харин алга. Үүнийг зохицуулах Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсүүдийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хэлэлцэв.
Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулсан байна. Үүнийг баталбал иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө шийднэ. Хөдөлмөрийн чадвараа алдах гэдэг тохиолдлыг ч урьдчилан даатгуулах, нас барсан тохиолдолд хувийн тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэх юм.
Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо одоо тэтгэвэр авч байгаа иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Одоо ажилтан, ажил олгогч тус бүр 8.5 хувь буюу нийт 17 хувийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулдаг. Үүнээс Тэтгэврийн даатгалын сан жилд 590.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 877 тэрбум төгрөг зарцуулдаг. Жил бүр 312 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Үүнээс хувийн тэтгэвэр тусдаа, нэмэлт, сайн дурын хуримтлал. Тэтгэврийн тогтолцоог улсын төсвөөс санхүүжүүлж, жил бүр инфляцтай уялдуулан нэмж байх суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан уламжлалт тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн давхаргуудаар хөгжүүлэх нь зүйтэй гэж олон хүн үздэг.
Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 46% нь тэтгэврийн сангаас бүрддэг. Энэ нь урт хугацааны мега төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр болдог аж.

