Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026.06.08-нд А/119 дүгээр тушаал гаргаж, хувийн сургуулиудыг сургалтын төлбөрийн 10 хувиас илүү урьдчилгаа авахыг хориглолоо. Сургуулиуд шинээр элсэгч болон үргэлжлүүлэн сурах сурагчдаас суудал баталгаажуулахын тулд төлбөрөө урьдчилж төлөхийг шаарддаг. Зарим нь 100% төлөхийг шаарддаг бол тодорхой хувийг урьдчилж авдаг сургууль ч бий.
Сургалтын төлбөр жил бүр нэмэгдэж байгаа ч хэзээ нэмэх, нэмэх болсон үндэслэл, түүнийгээ мэдээлэх арга хэлбэр нь сургууль бүрт харилцан адилгүй байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөл бий болгодог.

Боловсролын сайдын энэ тушаал хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдүүлэхэд чиглэжээ. Суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургуулийн албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг уг тушаалаар хориглосон байна. Гэхдээ төлбөрөө сургууль өөрөө тогтоох эрхэнд нь халдахгүй.

