Дэлхийн 120 улсад 20 минутын хот бий. Одоо дахиад 80 ийм хот байгуулж байна. Үүний 1 нь Сэлбэ. Гэвч 2 цагийн хотыг 20 минутынх болгох Сэлбэ улстөрчдийн хөлд сэглэгдэж мэдэхээр боллоо. Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайг 2026.04.26-нд баривчилснаар эхэлсэн дуулиан 2 дахь сардаа үргэлжилж байна.
Авлигатай тэмцэх газарт “Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн мэдээлэл ирж, 2026.05.19-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нар хамтарсан ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгаж эхэлсэн. Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр бий. Үүнээс 11 нь эхлээгүй, ямар нэг санхүүжилт олгоогүй бол 13 нь хэрэгжиж эхэлжээ.
Эдгээр төслийн банкан дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр ажлын хэсэг хязгаарласан байна. Үүнээс болоод нийслэлийн 13 төсөл дээр ажиллаж буй хүмүүс сар гаруй цалингүй, яах ёстойгоо ч мэдэхгүй явна. Тэдний цалин 5-р сарын 25-нд, 6-р сарын 10-нд буух ёстой байсан ч өгсөнгүй.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгыг 7 багцад хуваан, хэрэгжүүлж байгаа. I багцыг гүйцэтгэж буй “Си Эс Эм Си” ХХК нийт 1780 айлын орон сууц барина. Энэ хороолол нийт 20 барилгатай. Үүний 12 байр нь 12 давхар. 1 байрандаа 117 айлтай. 8 байр нь 9 давхар. 1 байрандаа 71 айлтай.
“Си Эс Эм Си” ХХК-д тусалж буй жижиг компаниуд мөнгөгүй болж, ажлаа зогсоожээ. Том компаниуд нь гэрээний алданги тооцуулаад, ажлаа үргэлжлүүлж байгаа ч гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас болоод материалаа татан авч чадахгүй, ажил тасалдаж эхэлсэн байна. Уг нь 2026.07.01-нд Сэлбэ 20 минутын хотын үзүүлэнгийн байрыг бэлэн болгож, иргэдэд танилцуулах байв. Энэ төлөвлөгөө лөөлөө болж байна.
Т.Даваадалайтай холбоотойгоор нийслэлийн 24 мега төсөл, тэдгээрийн төсвийг шалгахаар УИХ ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг сонсгол 6-р сарын 15-16-нд болно. Анх 2013 онд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөж эхэлснээс хойш үүнтэй холбоотойгоор сонсгол зохион байгуулж байгаа анхны тохиолдол нь энэ.

Уг нь гэр хорооллын айлууд газраа идэвхтэй чөлөөлж байгаа. Япон улс ердөө 0.07 га газар чөлөөлөхөд 12 жил, барилга барихад 4 жил зарцуулсан байдаг. БНСУ иргэдтэйгээ тохиролцож чадалгүй Сөүл хотынхоо зах руу жижиг дагуул хотууд байгуулсан түүхтэй. АНУ-ын Лoc-Анжелес хот иргэдээс газрыг нь авч чадаагүй тул шинэ хот байгуулсан. Харин манай улс анх гэр хорооллыг барилгажуулах тухай ярьж эхлээд, 4000 айлын газар чөлөөлсөн. Сэлбэ хот байгуулах газарт 2206 нэгж талбар чөлөөлөхөөс 1877-г нь чөлөөлж, 15 мянган яндан буулгаж, 12 мянган жорлон устгаад байгаа аж. Энэ бол амжилт. Амжилтаа улстөрчдийн улстөржилтөөр сүйд хийлгэмээргүй байна.
Сонсголын дараа “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатарыг ажлаас нь чөлөөлж, шинэ захирал томилно. Энэ бол тодорхой. Уг албан тушаалд томилогдох гэж буй этгээдийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ шалгаад, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж дүгнэсэн байна лээ.
Шинэ захирал томилогдож, ажлаа хүлээлцэх гэсээр байтал 7-р сартай золгох нь тодорхой боллоо. Тэр хэрээр Улаанбаатарыг утаанаас салгах, түгжрэлийг бууруулах, хөрсний бохирдлыг багасгах хугацаа хойшилно. Хүйтний улирал урт үргэлжилдэг Монголд барилга барих хугацаа гэж бий. Тиймээс барилгачид цагтай уралдаж ажилладаг. Гэтэл эрх баригчид хаврын улстөржилтөө төслүүдийг зогсоож хийв. Үүн дунд Улаанбаатарын иргэд, барилгын компаниуд, төслийн хэдэн ажилчид хохирч, улстөрчид л хожиж байна.


