Нийслэлийн 24 мега төсөл, тэдгээрийн төсвийг шалгахаар УИХ ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг сонсгол 6-р сарын 15-16-нд болно. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал чиглүүлэх явуулах юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Ерөнхий хяналтын сонсгол бол алдаа хаана байна гэдгийг олж, яаж залруулах вэ гэдгийг ярилцаж, дүгнэлт гаргадаг. 2-рт, хуульд нийцээгүй ажил, ажиллагаануудыг хэлэлцээд, илт хууль зөрчсөн асуудал байвал мэргэжлийн байгууллагад нь хүргүүлж болно. Жишээ нь: Нийслэлийн өмчийн компани байгуулаад, хаа байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговьд УЦС барина гээд явж байх жишээтэй. Төсөв захиран зарцуулах эрхээ шилжүүлдэг, баахан бүтэц угсардаг. Нийлбэр төсөв нь улсын төсвийн 1/3-тэй тэнцүү болчихсон. Ингэхээр нэгдмэл улсын нэгдсэн төсвийн бодлого алдагдаж байна.
Дараа нь эрсдэл гарна. Хэн тэр мөнгийг төлөх юм. Хүмүүс л төлнө шүү дээ. Тэр эрхээ гаргаж авахын тулд баахан татвар нэмсэн. Та бүхэн мэдэж байгаа. Замын татвар, нийслэлийн татвар нэмсэн. Хүнд хэрэгтэй юм хийж байвал OK. Гэхдээ эргэлзээ байгаа бол шалгах хэрэгтэй. Энэ чинь асар том болчихлоо. Үүн дээр дүгнэлт хийх цаг нь болчихлоо. Улсын төсвийн харьцаа, хаана очиж зогсох ёстой юм бэ гэдэгт дүн шинжилгээ хийх ёстой.

