Нийслэлийн ЗДТГ 2024-2031 онд 16 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй. Эдгээр төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилсон шинжээч хянаад, “Агуулгаараа “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын хөгжлийн бодлогуудтай бүрэн уялдсан байна” гэж дүгнэлээ.
Эдгээр төсөлд 28.9 их наяд төгрөг зарцуулахаас 1 их наяд 396.6 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Энэ нь нийт төсөвт өртгийн 5%. Үүний хэдийг нь хаанаас гаргаж, хэзээ олгосныг доорх графикаас харна уу!

Төсөлд зарцуулах мөнгөний 66% болох 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч үүнийг бүрэн эцэслэн шийдээгүй. Өөрөөр хэлбэл, гадаадаас авсан зээлээ зарцуулах эрхгүй, түншлэх хувийн компаниа олж, гэрээ байгуулаагүй байгаа аж. Үүний улмаас төсөл зогсох, хэрэгжүүлэх хугацаа нь сунжрах эрсдэл үүсжээ.
16 мега төслийн ТЭЗҮ, зураг төсөл, БОННҮ зэрэгт 129.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрвээ төслийн санхүүжилтийг яаралтай шийдэж чадахгүй бол ТЭЗҮ, зураг төсөл, БОННҮ-д зарцуулсан энэ их мөнгө хий үрэгдэнэ. Үүнээс гадна метро, хөнгөн галт тэрэг, II тойрог зам гэх мэт төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад 2 жил болж байхад ТЭЗҮ, зураг төсөл алга. Дөнгөж л боловсруулах шатандаа явж байгааг шинжээч онцоллоо.
Метро, I тойрог зам, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ бэлэн болсон ч зураг төсөл бэлэн болоогүй байна. Тусгай замын автобусны ТЭЗҮ дуусаагүй, 88%-тай байгаа тул зураг төсөл нь бүүр ч сураггүй. I тойрог зам нь дөнгөж ТЭЗҮ-тэй байгаа болохоор II тойрог замын тухайд үзүүлэх юм байхгүй.

Арай дөнгүүр хэрэгжиж байгаа төсөл ердөө 5 байна. Үүн дундаа хамгийн сайн гүйцэтгэлтэй нь дүүжин замын тээврийн I шугам. Өнөө жил бүрэн дуусгах ёстой энэ ажлын 75%-ийг нугалжээ. Нийт 184.2 тэрбум төгрөгөөр Яармаг-“Хархорин” захыг дүүжин шугамаар холбох энэ ажилд одоо 110.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Дараагийн гүйцэтгэл гайгүй төсөл нь Баянхошуу дэд төв. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт эл төвийг байгуулж буй. Дараа жил дуусгах учиртай энэ төвийн 72%-ийг 178.6 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулаад байна. Нийт 815.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Гүйцэтгэлээрээ Хүннү хот руу дэд бүтэц татах төсөл 32.2%-тай явж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт байгуулж буй Хүннү хот руу зам, цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээ татах юм. Уг төслийн хүрээнд 26 км авто зам, 120 МВт-ын хүчин чадалтай цахилгаан болон усан хангамжийн шугам сүлжээгээр Хүннү хотыг хангана. Хот байгуулахгүй, зөвхөн дэд бүтэц татах энэ төсөлд 53.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, 3.2 тэрбумыг олгожээ.
Сэлбэ 20 минутын хот үүний дараа орлоо. Сүхбаатар дүүргийн гэр хорооллыг хот болгохоор төлөвлөж, айл нүүлгэн, газар чөлөөлж, дэд бүтэц татан, барилга барьж байгаа. 2 тэрбум 190.1 сая төгрөгөөр хэрэгжүүлэх энэ төсөлд одоогоор 354.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гүйцэтгэл нь 24%.
Туулын хурдны замын гүйцэтгэл 13.2% байна. Уг замыг 2 их наяд 384 тэрбум төгрөгөөр тавихаар төлөвлөж, 500 тэрбумыг нь зарцуулжээ. ТЭЗҮ нь бэлэн ч зураг төсөл нь 80.7%-тай, бүрэн дуусаагүй байхад Туул гол дагуу бургасыг өнгөрсөн хавар тайраад эхэлсэн нь хачин. Өнөө жил уг замд 800 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч одоогоор 1 ч төгрөг олгоогүй байгааг нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва УИХ-ын сонсголын үеэр мэдээллээ.

