Японы судлаач, эмч, 90 настай Оритани Такаши 50 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд хэт эрт боловсрох жапоника цагаан будааны “Чингис гоулд” сорт гарган авчээ. Тэрбээр уг будаагаа энэ жил Төв аймгийн Аргалант суманд туршилтаар тариад байгаа юм байна.
“Чингис гоулд” сортын цагаан будааг Африк болон Непалын уулархаг бүсэд ургуулдаг цагаан будааны сортыг эрлийзжүүлэн гаргаж авчээ. Монголын богино зунд тохирсон, хүйтэнд тэсвэртэй, болц нь хэт эрт гүйцдэг энэ сортын будаа өнөө жил Монголд амжилттай ургавал цаашид үргэлжлүүлэн тарьж, нутагшуулахаар төлөвлөжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголд “Чингис гоулд” будааны тарих туршилтын төслийнхөнтэй уулзлаа. Туршилт амжилттай болж, эхний үр дүн гарсны дараа уг төслийг “Жайка” олон улсын байгууллагаас Монголд хэрэгжүүлж буй зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөлтэй уялдуулах боломжтой гэдгийг Т.Жамбалцэрэн хэллээ.

Япон Улсын Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэ Монгол Улсад 2008-2010 оны хооронд туршилтаар хэрэгжүүлж байсан цагаан будаа тариалах төслийг сэргээн хэрэгжүүлж байгаа юм. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт цагаан будааны сортыг сайжруулах төсөл хэрэгжүүлж, цагаан будааны шинэ сортыг тухайн үед гарган авсан аж. Тус сортыг олон улсын патентаар баталгаажуулан “Чингис гоулд” гэж нэрлэжээ. Уг сорт энгийн сортын будааг хуурай газрын будаатай эрлийзжүүлэн гаргаж авсан тул ус харьцангуй бага шаарддагаараа давуу талтай. Африк гаралтай цагаан будааны генетик шинж чанарыг агуулдаг тул ойролцоогоор 2.5-3 сарын хугацаанд ургацаа өгдөг.

