Монголын уран нугаралт бол асар их тэвчээр, хатуужлаар байгалиас төрсөн уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлдэг гайхамшигт урлаг. Бий бийлгээнээс улбаатай энэ өвийг 1940-өөд онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш агсан монгол үндэсний хөгжимтэй хослуулан, Дэлхийн тавцанд гаргаж, “Мадам Цэнд-Аюуш” хэмээн хүндлэгдсэн түүхтэй. Улмаар түүний шавь, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай олуулаа нугардаг хэлбэр лүү шинэчлэн хөгжүүлсэн нь өдгөө Дэлхийн шоу ертөнцийг манлайлагч “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн үндсэн хэв маяг болсон юм.
Энэхүү сор болсон дэг сургуулилалтыг хадгалан үлдэх, Дэлхийн тавцанд тунхаглах алсын хараатай “Монголын уран нугаралтын чуулга уулзалт 2026”-г 6 дугаар сарын 19-21-нд Тэрэлжид зохион байгуулах гэж байна.
Чуулганы 3 өдрийн турш Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу, уран нугаралтын мастеруудын нэг Б.Ихэрцэцэг, багш Ж.Сайнбаяр нар монгол нугаралтын нарийн техник, сунгалт, тэнцвэрийн мастер класс хичээл орох юм байна. Мөн сур харвааны “Арулад” морьт харвааны клүбийн багш нар уламжлалт сур харвааны хэмнэл, төвлөрлийг заах аж.
Хамгийн оргил хэсэг нь “Uyan show: Gravity & Grace” гала тоглолт. Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир энэ шоуг өөрөө найруулж, алдарт сандалтай тэнцвэрээ үзүүлэх юм. Тэрбээр” Physical: Asia” шоуны оролцогчдоос урьж, сонирхолтой хөтөлбөр боловсруулжээ.

