УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2026.06.16) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
Нэн тэргүүнд “1 бодлого-9 ажил-3 зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээг хэрэгжүүлнэ. Уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээний системийг шинэчилж эхэлсэн. “1 бодлого” гэдэгт эрчим хүчний шилжилтийн стратеги, нэгдсэн бодлогоо багтааж, 2050 он хүртэлх нэгдсэн системын чадлын балансын таац боловсруулах, устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, экспорт, цэвэр эрчим хүчний шилжилтийн цаглавар, салбарын шинэчлэл, зураглал, бүсчилсэн хамтын ажиллагааг тусгалаа.
9 ажлынх нь 1-рт, тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, 2-рт, ухаалаг эрчим хүчний систем, 3-рт, тархмал эх үүсвэрийг дэмжих, талын эрчим хүч, бие даасан шийдэл бий болгох, 4-рт, эрчим хүчний эх үүсгүүр, дэд бүтцийг байгуулах, 5-рт, шинэ технологи нэвтрүүлэх, 6-рт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, 7-рт, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, салбараа чадавхжуулах, 8-рт, салбарын засаглалыг сайжруулах, 9-рт, эрх зүйн орчны шинэчлэл хийхээр төлөвлөсөн.
Улсын хэмжээнд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1936 МВт-д хүрээд байна. Үүнийг үйлдвэрлэж байгаа станцуудыг ангилбал:
- 1566 МВт буюу 82 хувийг нүүрсэн суурьтай эх үүсвэрүүд
- 155 МВт буюу 8.2 хувийг салхин цахилгаан станц,
- 156 МВт буюу 8.1 хувийг нарны цахилгаан станцууд,
- 26 МВт-ыг усан цахилгаан станцууд,
- Үлдсэн хэсгийг дизель цахилгаан станцууд
2025 онд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 12.5 тэрбум кВт/цагт хүрч, өмнөх онтой харьцуулахад 8.2 хувь буюу 948.6 сая кВт/цагаар өссөн байна. Нийт хэрэглээний 78 хувь буюу 9.8 тэрбум кВт/цагийг дотоодын эх үүсвэрээр хангаж, үлдсэн 22 хувь буюу 2.7 тэрбум кВт/цагийг импортоор нийлүүлжээ.
2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний систем суурилагдсан нийт хүчин чадлаа бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй, аваарын горимд ажилласан. Хамгийн их ачаалал 1803 МВт-д хүрсэн. Сүүлийн жилүүдэд оргил ачааллын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа. Бүх ДЦС бүрэн хүчин чадлаараа, нөөцгүй ажиллаж байгаа нь эрчим хүчний хангамжийн найдвартай байдалд өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнийг өнгөрсөн онд гарсан 227 МВт-ын цахилгаан хязгаарлалт, үйл ажиллагааны доголдлууд тодорхой харуулсан.
Улаанбаатар хотод жил бүр дунджаар 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож, дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өссөөр байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2025 онд нийт 10.7 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн нь өмнөх оноос 518.6 мянган Гкал-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Сүүлийн 2 жилийн хугацаанд ашиглалтад оруулсан станц:
- Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц,
- Сонгины 80 МВт-ын станц,
- Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурын станц,
- Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 30 МВт-ын,
- Хөвсгөл аймагт 10 МВт-ын нарны цахилгаан станц
Гэсэн ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр хэвээр байгаа учраас шаардлагатай нөөцийг бүрдүүлж чадахгүй байна.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 575.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн боловч санхүүгийн хүндрэл, үнэ тарифын алдагдлын улмаас үүний ердөө 231.5 тэрбум төгрөг буюу төлөвлөсөн хэмжээнээс 60 хувиар бага төсөв батлагдсан. Олон жилийн турш хөрөнгө оруулалт ийнхүү танагдаж ирсний улмаас их болон урсгал засварын ажил чанаргүйдэж, засвар үйлчилгээ шаардлагатай үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэн, эрсдэл улам өссөөр байна.
Салбарын хэмжээнд нийт 1 их наяд 440.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Үүнээс 2026 онд 360.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Иймээс эрчим хүчний салбарт цогц шинэчлэл хэрэгжүүлэх хүрээнд өргөн хүрээний бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Бид “1 бодлого, 3 зарчим, 9 чиглэл”-ийн ажлын хүрээнд ажиллаж байна. Мөн эрчим хүчний шилжилтийн стратегийг COP-17 хурлаас өмнө батлуулахаар төлөвлөж байна. 9 ажлын хамгийн чухал нь тарифын бодлого. Иргэдэд хэт ачаалал үүсгэхгүйгээр тарифыг эдийн засгийн хувьд зохистой түвшинд хүргэх нь тулгамдсан асуудал болоод байна. Үүний зэрэгцээ салбарын 17,800 ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулахад онцгой анхаарна. Мөн салбарын засаглалыг боловсронгуй болгож, үр ашгийг нэмэгдүүлэн, өртгийг бууруулах нь үнэ нэмэхээс илүү чухал юм.

