horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хууль бусаар газар олгосон албан тушаалтныг 15 сая төгрөгөөр торгов

post-img

Өмнөговь аймгийн нийтийн албан тушаалтан О.Бадарч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилтан С.Сансармаатай урьдчилан үгсэн тохиролцож, түүний ажил, албан тушаалд хамааралгүй ажил хийлгэжээ. О.Бадарчийн зааварласнаар С.Сансармаа бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж өгчээ.

Түүний дагуу О.Бадарч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газарт “И”, “У” ХХК-д шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 2000 ам м талбайтай газрыг тус тус эзэмшүүлсэн байна. Мөн “Л” ХХК-д 7,500 ам м талбайтай газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, улсад 690 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Харин С.Сансармаа хууль бус захирамжийн төсөл боловсруулж өгөн, гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон хэрэгт холбогджээ. Тэдний хэрэгт Өмнөговь аймгийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээд О.Бадарчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгов.

С.Сансармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр торголоо. Иргэний хариуцагч “И”, “У” ХХК-иас тус тус 120 сая төгрөг, “Л” ХХК-иас 420 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

0/1000