Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн салбарын дарга асан Б.Галмандах, үрийн буудайн нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэв. Тэднийг 2 удаа үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцлоо. Б.Галмандахын нийтийн албанд 4 жил ажиллах эрхийг нь хасаж, 3 жил зорчих эрхийг нь хязгаарлав. Ц.Алтан-Очирын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасан, 1 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарлалаа.
Тэд 2015 оны 5-р сарын 1-4-нд улсын нөөцийн агуулахаас 80 сая төгрөгийн үнэтэй “Дархан 144” сортын 89 тонн улаанбуудайн үрийг гэрээ, хэлцэл, төлбөр тооцоо хийгээгүй “Өгөөж-Андууд” ХХК-д гаргаж өгчээ. Бусдад өгсөн буудайг агуулахад байгаа мэтээр тайлан, данс бүртгэлд тусгуулж, улсад 80.1 сая төгрөгийн хохирол учруулсныг АТГ тогтоожээ.
Мөн зохих шийдвэргүйгээр 2017.05.01-нд “Ж…” ХХК-д 40 тонн улаанбуудайн үр олгохоор бие даан гэрээ байгуулж, уг үрийг өгсөн байна. Үүний улмаас улсад 21.3 сая төгрөгийн хохирол учирсан нь АТГ-ын шалгалтаар тодорхой болсон аж.
Улсад нийт 101.4 сая төгрөгийн хохирол учруулсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

