Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-ЭХЯ, ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран, 2007-2019 онд байгуулсан сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг шалгах ажлын хэсгийн тайланг өнөөдөр ЗГ сонссон. Нийт 10 гэрээ бий. 3 нь салхины, 7 нь Нарны цахилгаан станц. Үнийн хувьд 1 кВт/ц цахилгаан 9.5-17.3 цент. Харьцангуй үнэтэй гэрээнүүд. Эдгээр гэрээг хянан шалгаад, гаргасан дүгнэлтэд үндэслэн, авах арга хэмжээний талаар ЗГ-т танилцууллаа. Цаашдаа бид сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг иймэрхүү байдлаар шууд хийх биш, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэсэн заалт 2019 оноос хойш хэрэгжиж байгаа.
Үүний дагуу сая хийсэн хяналт шалгалтын дагуу холбогдох арга хэмжээг авна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, үнэ бууруулах, эрчим хүчний салбарын санхүүгийн мөнгөн урсгалд эерэг өөрчлөлт хийхэд чиглэж ажиллана.

