horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийгмийн даатгалын санд 5.2 их наяд төгрөг орж, 5.8 их наяд төгрөг гарчээ

post-img

Нийгмийн даатгалын санд 2025 онд 5.2 их наяд төгрөгийн орлого орж, 720 гаруй мянган иргэн 5.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авчээ. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч, 1.2 сая албан журмын даатгуулагч, сайн дурын 170 мянган даатгуулагч бүртгэлтэй байна.

2025.01.01-нээс эхлэн 505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 6 хувиар нэмсэн. Үүний үр дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг болж, дундаж тэтгэвэр 870.9 мянган төгрөгт хүрчээ. Энэхүү нэмэгдэлд 310.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

0-3 насны хүүхдээ асарч буй 16.9 мянган эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 3.9 мянган эцэг, эх, 55.2 мянган малчны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсөв, Тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлж, нийгмийн даатгалд хамруулсан байна. Өндөр насны тэтгэвэр авч байгаа 3.6 мянган иргэн нийгмийн даатгалын тусгай зохицуулалтад хамрагдаж, тэтгэврээ 20 хувиар нэмүүлсэн бол нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох болон донор болж эд, эс, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая төгрөгөөс 4.5 сая төгрөг болгон нэмжээ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр системийн нөлөө бүхий арилжааны 4 банкинд жилийн 15 хувийн хүүтэй хийж, 70.2 тэрбум төгрөгийн хүү авсан байна. Засгийн газрын үнэт цааснаас 27.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.

Цаашид хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, даатгуулагчийг хуримтлалтай болгох, хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах боломжийг бүрдүүлэх, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалыг боловсронгуй болгох, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын байгууллага болон сангийн санхүүгийн системийг бүрэн цахимжуулах зорилтыг дэвшүүлж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өчигдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд танилцууллаа. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг тус хороо сонссон юм.

0/1000