Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тестээр шалгаж, шүлхийн САТ1 хэвшил болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан тус суманд хөл хорио тогтоожээ. Үүгээр Баян-Өлгийн Алтай, Дэлүүн, Цэнгэл суманд шүлхий гараад байна. Тус аймагт анх 5-р сарын 25-нд шүлхийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон.
Манай улс БНХАУ-аас шүлхийн 1.6 сая тун вакцин татан авч эхэлсэн. 6-р сарын 23-наас Баян-Өлгий аймагт дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Алтай, Дэлүүн, Цэнгэл сумын 1.4 сая малд 825 мянган тун вакцин шаардлагатай. Эдгээр малыг 7-р сарын 7-нд тарьж дуусна. Вакцины дараагийн тунг 7-р сарын 21-нд тарьж дуусгана. Нийт 2 удаа вакцин хийж дархлаа тогтох аж.
Шүлхий, вакцинжуулалттай холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс Үндэсний их баяр наадмаа хойшлуулж, 8-р сарын 1 хүртэл баяр наадам хийхгүй байхаар шийдвэрлэжээ.

