Монгол Улсын Их хурал дахь АН-ын бүлэг өнөөдөр (2026.06.22) ээлжит хурлаараа өчигдөр болсон нөхөн сонгуулийн талаар ярилцжээ. Энэ талаар тус намын бүлэг сэтгүүлчдэд мэдээллээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН амжилтгүй оролцсон. Сумын ИТХ-ын нөхөн сонгуульд оролцсон нэр дэвшигчдийнхээ дүнг нэгтгэж үзэхэд, АН өндөр санал авчээ. Хараат бус үнэлгээний байгууллагуудын дүнгээр АН-ын үнэлгээ олон нийтийн дунд өндөр байдаг. Гэтэл яагаад АН аймгийн ИТХ-д ялагдав гэхээр хэсгийн ахлагч, нүүрсний мөнгө, төсвийн мөнгө гэдэг сүлжээтэй холбоотой байна. Бас АН сая дүрмээ шинэчлэхдээ сонгогдох боломжтой гишүүдээ сонгогдох боломжийг нь хязгаарласан байна.
АН-ын төлөө саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Дархан-Уул, Дундговь, Төв, Увс, Өвөрхангай гэсэн 5 аймгийн 9 суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль боллоо. 15 аймгийн 34 суманд 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгууль явагдлаа. Аймгийн ИТХ-ын сонгуульд 9405 хүн санал өгснөөс 3768 хүн АН-д (40 хувь), 5577 хүн (59 хувь) МАН-д, 0.7 хувь нь бусад нам, бие даагчид санал өгчээ. Энэ сонгууль нүүрсний мөнгөний сонгууль болсон байна. Сумдын ИТХ-ын нөхөн сонгуульд нийт 12.281 хүн санал өгсөн. Үүнээс 5213 хүн саналаа АН-д, 6312 сонгогч саналаа МАН-д, 756 хүн бусад нам, бие даагчид санал өгчээ.
Аймгийн ИТХ-д нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь АН-ын шинэчилсэн дүрэм гэж үзэж байна. Өнөөдрийн дүрмээр аймгийн ИТХ, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг АН хайрцагласан. Энэ нь саяын нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлжээ. “Аймгийн ИТХ-д нэр дэвшигч нь намын хорооны гишүүн, УИХ-д нэр дэвшигч нь ҮБХ-ны гишүүн байна” гэж шинэчилсэн дүрэмдээ зааж өгсөн юм. Сумын ИТХ-ын 5-6 төлөөлөгч аймгийн ИТХ-ын төлөөлөгч байдаг. Үүнийг АН дүрмээрээ хааж, сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд хоёуланд нь нэр дэвшиж болохгүй болгосон. Тиймээс сумын ИТХ-ын төлөөлөгч энэ сонгуулиар аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Энэ нь бас сонгуулийн үр дүнд нөлөөллөө. Ялах нэр дэвшигчээ бид нэр дэвшүүлж чадаагүй. Тэгэхээр АН-ын дүрмийг өөрчлөх шаардлагатай нь энэ сонгуулиас харагдлаа.
Төрийн албан хаагчдыг Өвөрхангай, Увс аймагт маш олноор нь дайчилж, сонгуульд оролцууллаа. Яг энэ чигээрээ байвал төрийн алба, нүүрсний мөнгөнд дулдуйдсан сонгууль хэвээрээ явагдаад байх нь. Цөөн хэд нь ард түмний боломжийг хулгайлдаг явдал үргэлжлэх нь. Тухайлбал: 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнг ярья. Говь-Алтай аймагтаа Алтай сум ганцаараа хилийн цэргийн ангитай. 17 суманд О.Амгаланбаатар би 1, 2-р сонгогдож байгаад 300 гаруй цэрэгтэй Алтай суманд 11-рт сонгогдсон. УИХ-ын дэд дарга Пүрэвдорж Ховд аймгийнхаа бүх суманд 1-р сонгогдсон атлаа цэргийн ангитай Үенч суманд 11-р орж, хойш шидэгдсэн. Цэрэгжсэн байгууллагыг сонгуульд ингэж ашигладаг.
Төрийн алба, цэрэгжсэн байгууллагыг сонгуульд яаж ашигладаг нь одоо ч харагдаж байна. 2016, 2020, 2024 оны сонгуулийн дүнгээр сонсгол хийж, цэрэгжсэн байгууллагууд, төрийн албыг сонгуульд яаж ашигласныг олон нийтэд сонсгох хэрэгтэй юм байна.

