Энэ жил их, дээд сургууль, коллежид элсэх сурагчдаас авах элсэлтийн шалгалт 6 дугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлж, 26-нд хими, газар зүй, нийгэм, 27-нд биологи, математик, 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар дуусна. Шалгалт дууссаны дараа 24 цагийн дотор сургуулиудад шалгуулагчийн дүнг автоматаар илгээнэ.
Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв өнөөдөр элсэлтийн шалгалтын талаар мэдээллээ. Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “Энэ жил элсэлтийн шалгалтад 49.014 шалгуулагч бүртгүүлсэн. Математикийн хичээлээр хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн.
Шалгуулагч дараах бичиг баримтыг бүртгүүлнэ.
- 1. Бүртгэлийн хуудас
- 2. Суудлын хуваарь
- 3. Иргэний үнэмлэх
- 4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Мөн энэ жил ЭЕШ-ын 55 төвд 3500 орчим багш, ажилчид хяналтаар ажиллана. Мөн энэ жил тусгай хэрэгцээт шалгуулагчид нэмэлтээр шинэ шалгалтын төв нээсэн. Технологийн шинэчлэл хийж, гар утасны сүлжээ унагагч суурилуулсан. Гар утсаа зориулсан уутанд хийгээд авч орж болно” гэж ярилаа.


