ГЕГ-ын Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны дарга Г.А 2024 оны 11 дүгээр сарын 1-15-ны хооронд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаальд мэдүүлсэн хэмжээгээр нь татвар төлүүлж, хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй зүйл хийжээ. Үүнийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-нд Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсныг АТГ тогтоосон байна.
Шүүх Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгов.
Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгов. Учир нь Т.Н 2025 оны 1 дүгээр сарын 30-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалтай нь холбогдуулан 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм байна.

