Хөвсгөл аймгийн Онцгой комисс 6-р сарын 22-нд хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдээд байна.
Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг. Энэхүү статусаа хадгалан хамгаалах нь чухал гэж тус аймгийн Онцгой комисс үзжээ.
Иймд халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, уяачдын хөдөлмөрийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулах байсан Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцлах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Онцгой комисс гаргалаа.

