УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өчигдөр /2026.06.23/ эхэлсэн. Уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна төрийн байгууллагын 32, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 40, нийт 72 хүн оролцов.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ерөнхий хяналтын сонсголын эхний илтгэлийг Малчны тухай хуулийн талаар тавив. Г.Тэмүүлэн “Эдийн засгийн тулгуур салбартаа бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулж байсан. УИХ анх удаа хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Хуулийн хэрэгжилт 30-40 хувьтай, гүйцэтгэл сул байна. Мал аж ахуйн салбар ДНБ-ий 11, экспортын 5.6, ажиллах хүчний 25.5 (4 хүн тутмын нэг нь малчин) хувийг, 247.9 мянган малчин өрх эзэлж буй нь эдийн засгийн тулгуур салбар болохыг харуулж байна.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг өөрчилье гэж олон жил ярьж байна. Үүний үндсэн гарц шийдэл нь уламжлалт мал аж ахуй буюу манай орны эдийн засгийг авч явж байсан эл салбарын хуулийн хэрэгжилтийг нэхэх, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан. Хуулийн үндсэн зорилго нь мал аж ахуйн салбарын хөгжлийг тодорхойлох, ирээдүйнх нь зураглалыг гаргах, малчдаа төрөөс анхаарах гээд нийгмийн харилцаа, эдийн засгийн баталгаа, эрх зүйн үндсийг нь тодорхойлох гэж анх удаагаа оролдож, уг салбартай хамааралтай бүхий л харилцааг иж бүрнээр нь тодорхойлон олон чиглэлээр цогц зохицуулалтыг бий болгосон” гэлээ.

