Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутамд хуралдаж мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг. Энэ оны II улирлын шийдвэр гаргах хурлаа тус хороо 6-р сарын 23, 24-нд хийж, мөнгөний бодлогын хүүг 12 хувь хэвээр нь үлдээлээ. Энэ тухай шийдвэрээ яг одоо сэтгүүлчдэд танилцуулж байна.
Төгрөг, валютын ханш эрсдэл хэр байгаа тухай асуултад Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж “Зэс, нүүрсний үнэ өндөр байгаад ханш гайгүй байвал валютын ханш өсөхгүй. Зэсийн хувьд нөхцөл байдал сайн байгаа. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор манай улсад валют орж ирнэ. БНХАУ-д хамгийн их нүүрс экспортолсон улс нь Монгол. Хятадын Шанси мужийн нүүрсний уурхайд маш том дэлбэрэлт болж, нүүрсний уурхайнуудыг зогсоон шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын гангийн том үйлдвэрүүдэд манай улс нүүрсээ нийлүүлж байна. Энэ бүхнээс үзвэл нүүрсний үнэ буурахгүй. Экспортын хэмжээ багасахгүй. Тиймээс төгрөгийн ханш унах, валютын ханш өсөх эрсдэл байхгүй” гэж хариуллаа.

