Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт мансууруулах бодистой холбоотой 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүх уг хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жил хорих ял оноов.
42 настай, эрэгтэй Г.Э, 40 настай, эрэгтэй Э.А нар бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарах зорилгоор 2025 оны 6-р сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр авчээ. Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх Г.Э-д 7 жил хорих ял, Э.А-д 10 жил хорих ял оноолоо.
24 настай, эрэгтэй А.П 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликэйшн ашиглаж, бусдаас НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын I жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авч хадгалжээ. Тэр уг бодисуудаа бусдад худалдах зорилготой байсан аж. Тус хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх түүнд 2 жил 6 сар хорих ял оноолоо.

