Баян-Өлгий аймгийн … сумын сургуулийн захирал А.Нуржан аймгийн засаг даргын 2020 оны А/27 дугаар захирамжаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тооноос хэтрүүлж, иргэн М.У-г хичээл зохицуулагчаар, иргэн С.Ж-г үдийн хоолны ахлах тогоочоор, иргэн Б.Д-г үдийн хоолны үйлчлэгчээр, иргэн Х.Б-г үдийн хоолны туслах тогоочоор авчээ. Албан тушаалаа ашиглан, орон тооноос хэтрүүлж хүн ажилд авсан энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд А.Нуржанд нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил хасах, 1 жил 8 сар зорчих эрх хязгаарлах ял ногдуулжээ. Иргэний хариуцагч С.Ж-с 13.8 сая төгрөг, Х.Б-с 9.5 сая төгрөг, С.Ж-с 10.4 сая төгрөг, Б.Д-с 12.3 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
А.Нуржан үүнийг эсэргүүцэн давж заалдсан аж. Тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 46.2 сая төгрөгийг А.Нуржанаас гаргуулах” гэсэн агуулгатай өөрчлөлт оруулж, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгов.

