Нийслэлийн төсвийг үр дүнгүй зарцуулсан хотын удирдлагуудад хэрхэн хариуцлага тооцох талаар Ерөнхий Сайд Н.Учралд УИХ-ын гишүүд асуулга тавилаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол 2026.06.15 зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулсан.
Энэ зардлын өсөлт нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэж Сонсголын үеэр гишүүд хэлж байсан. Гэтэл нийслэлийн төсвийн талаарх сонсгол үр дүнгүй болсон хэмээн өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, П.Наранбаяр нар “Нийслэлийн төсөвт хяналт тавьж, хариуцлага тооцох” талаар Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргэж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүдэд огцом өссөн. 28,9 их наяд төгрөгийн 16 мега төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь улсын төсвийн 80-90 хувийг эзэлж байгаа учраас улсын төсөвт эрсдэл үүсч болзошгүй.
Мөн энэ их мөнгийг хэн захиран зарцуулж байна вэ? Төсвөө баталдаг, хянадаг төлөөлөгчид нь захиран зарцуулдаг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга хийдэг. Өөрсдөө төсвөө хянана, зарцуулна, эрх зүйн зөрчилтэй байна.
Үүнийг засах ёстой гэсэн гэсэн тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн ч харамсалтай нь батлаагүй. Улаан цайм хууль бус худалдан авалтаар 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцъё, залруулъё гэтэл тогтоолын төсөл дэмжигдээгүй. Иймээс Ерөнхий сайдад асуулга хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг АТГ-т хүргүүлнэ. АТГ хууль зөрсөн байна уу, үгүй юү гэдгийг тогтоосны дараа дахин мэдээлнэ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Нийслэл өмнөх оны үлдэгдэл дээр орлогоо нэмээд зарлагаа хасаад алдагдлаа тооцож байгаа нь төсвийн нэгдсэн байдал сахилга батыг алдагдуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүд чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийгээд цаашид юу хийх талаар тогтоолын төсөл оруулахаар баталдаггүй. Эрх ашгийн зөрчил байгаад батлахгүй байна уу. Зөвхөн 2024 онд 4 удаа, 2025 онд 5 удаа төсөвт тодотгол хийсэн байна. Энэ нь ямар ч төлөлвөлтгүйг харуулж байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Жил бүр түгжрэл бууруулна гэж 2 их наяд төгрөг зарцуулж байна. Жил болгон 20 сургууль, цэцэрлэг барих мөнгө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Монгол Улс өнөөдөр мөнгөгүй биш, мөнгөтэйн зовлон эдэлж байна. Манай улсад 1, 10 тэрбум төгрөгөөр ярьдаг төсөл гэж байхгүй болсон.


