Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.
Тэрээр, Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
Товч намтар:
Боловсрол:
- 1988 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль;
- 1994 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хуульч;
Эрдмийн зэрэг, цол:
- 1995 онд МУИС- ийн Хууль Зүйн Дээд Сургуульд Хууль зүйн магистр;
- 2012 онд МУИС-ийн Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Хууль зүйн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан;
- 2018 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөл Дэд профессор цол;
Ажилласан байдал:
- 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, архивч;
- 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор;
- 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч;
- 2016-2021 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
- 2012-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Ёс зүйн зөвлөх;
- 1996-2015 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч;
- 2015-2018 онд Монголын Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн;
- 2013-2021 онд Монголын хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;
- 2015-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, Эрдмийн зөвлөлийн дарга;
- 2017-2024 онд Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн;
Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.


