Эрчим хүчний салбарынхан цалингаа 10 хувь нэмэх сайдын саналыг хүлээж авахгүй, маргааш 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон гэв.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаманд уулзсан байна. Гэвч тэд сайдын саналыг хүлээж авсангүй, энэ талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлжээ.
Эрчим хүчний салбарынхны асуудал бол ХҮН намын гэдэг юм уу, эсвэл Найдалаа гэдэг хүний эсрэг хийж байгаа зүйл биш. Эрчим хүчний салбарын ажил хаялт, хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой асуудал бол аль Найдалаа сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн байсан гэдгийг хариуцлагатай мэдэгдье хэмээн хэвлэлийн хурлын өмнө хэллээ.
Монголын эрчим хүч, шеологи, уул уурхайн ҮЭХ-ны салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:
-Бид 6 дугаар сарын 26-нд Б.Найдалаа сайдтай уулзахад цалингийн хэмжээг 10% нэмэх боломжтой. Гэхдээ захиргаа, удирдах ажилтны цалинг нэмэх боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Харин бидний зүгээс 30% ба түүнээс дээш нэмэгдлийг хүсэж байна. Ажил хаялтад шуурхай ажиллагааны ажилтнаас бусад буюу зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүсээс бусад нь нэгдэж байна. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар, ЭХЯ-ны зүгээс тодорхой хэлцэл хийгдэх нөхцөл бүрдэхгүй бол 7 дугаар сарын 1-ээс шуурхай ажиллагаа ажиллагааны буюу зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс ажил хаях болно.
УБЦТС ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Н.Балжинням: Бид өнөөдрийг хүртэл арай ч ажил хаялт хүрчихгүй болов уу гэсэн бодол тээсээр өдийг хүрчээ. УБЦТС ТӨХК-ийн хувьд 1900 ажилтантайгаас 1461 нь буюу 76,8% нь ажил хаялтыг дэмжиж байна. Салбар хариуцсан сайдаас өнөөдрийн дотор хариу өгөх боломж танд байгаа гэдийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж хэлэхийг хүсэж байна.
ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхсаран: ДЦС-3 ТӨХК-ийн нийт ажлын байрны 870 нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд, хортой, халуун нөхцөлд хамаарагддаг. Ийм орчинд ажиллаж буй бид таарсан цалин авдаг гэж үзэхгүй байна. Тиймээс бид ажил хаялтад нэгдэж байна. ДЦС3-ын ажилчид хүнд, халуун нөхцөлд ажилладаг. Бид мөн ажил хаялтад оролцож байна.
Бид өнөөдрийг хүртэл ажил хаялтад хүрэхгүй болов уу гэж бодсоор ирлээ. Д.Найдалаа сайд бидэнд албан бичгээр буюу албан ёсоор хариу өгөөгүй.
Бидний “тэвчээрийн” тог тасарлаа.
Энэ үеэр Эрчим хүчний яамнаас бидний цалинг 10 хувиар нэмэх санал тавьсан. Гэтэл инфляц 11 хувьд хүрсэн, мөнгөний ханш 20 хувиар уначихлаа. Эрчим хүчний яам өнөөдөр даруй арга хэмжээ авахгүй бол маргааш үндэсний хэмжээнд тоггүй болох эрсдэл үүслээ. Ажил хаялт бидний эцсийн сонголт гэсэн юм. Түүнлчэн Ерөнхий сайд Н.Учрал энэ асуудалд анхаарлаа хандуулна уу. Цахилгаан тасарснаас үүдэх аливаа эрсдэлийг Засгийн газар хүлээнэ. Бид цалингаа 30 хувиар нэмүүлэх хүсэлтэй байна. Маргааш шууд 30 хувиар биш юм гэхэд шатлалтай нэмэх саналыг бид хүлээж авна гэж хэллээ.


