“Олон түвшний уулзвар” төсөл нь хөдөлгөөний ачаалал хамгийн өндөр цэгүүдэд олон түвшний уулзвар, нүхэн гарц, гүүрийн байгууламжийг үе шаттайгаар байгуулах зорилготой юм. Нийт 18 байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид хэрэгжих таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөв боловсруулагдах ажлын нийт явц 98 хувьтай үргэлжилж байна.
Эдгээр таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулж, холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцөөд байна. Одоогоор зураг төслийг Зам, тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил үргэлжилж байна.
Моносын уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, загвар зураг, авто замын нарийвчилсан зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн ихэнх ажил дуусаж, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн бусад шугам сүлжээний магадлалын дүгнэлтүүд гарсан байна. Мэдээлэл холбооны зураг төслийн төсвийн магадлал үргэлжилж байгаа бөгөөд нийт зураг төслийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Офицерын уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, авто зам болон инженерийн дэд бүтцийн зураг төсөл, төсөв бүрэн боловсруулагдаж, бүх төрлийн магадлалын дүгнэлт гарснаар зураг төслийн ажил 100 хувь дуусжээ.
МИТС-ийн уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, загвар зураг, авто замын зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн үндсэн ажлууд дууссан. Цахилгаан, дулаан, мэдээлэл холбооны магадлалын дүгнэлтүүд гарсан бөгөөд ус хангамж, ариутгах татуургын төсвийн магадлал үргэлжилж байгаа тул нийт ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нарт хотхоны зүүн далангийн гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, авто зам, инженерийн дэд бүтцийн зураг төсөл, төсөв боловсруулагдаж дууссан бөгөөд зураг төслийн ажил 100 хувь дууссан байна.
Наадамчдын зам дахь явган хүний гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил бүрэн дуусч, шаардлагатай магадлалын дүгнэлтүүдийг авснаар зураг төслийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй болжээ.
“Олон түвшний уулзвар” төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, замын түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах тооцоо гарсан байна. Ингэснээр хотын төвийн авто замын ачаалал буурч, зорчих хугацаа багасахын зэрэгцээ иргэдийн бүтээмж, эдийн засгийн идэвх нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн авто замын сүлжээ бүрдэх чухал ач холбогдолтой юм.


