Испанийн зүүн хойд нутгийн ойд дэгдсэн томоохон түймэр хэт халалтын улмаас эрчимжиж, гал сөнөөгчид түймрийг тогтоон барихаар ажиллаж байна. Цаг агаарын хуурайшилт, хүчтэй салхи гал богино хугацаанд өргөн талбайд тархах нөхцөл бүрдүүлсэн бөгөөд олон зуун гал сөнөөгч, нисдэг тэрэг, онгоц түймэр унтраах ажиллагаанд оролцож байна.
Эрх баригчид ойролцоох хэд хэдэн суурингийн оршин суугчдыг урьдчилан нүүлгэн шилжүүлж, зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Урьдчилсан байдлаар хэдэн мянган га ой, бэлчээр түймэрт өртсөн бөгөөд хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Европ тивийг энэ долоо хоногт хамарсан хүчтэй халалтын давалгаа Испанид агаарын температур 40 хэмээс давж, ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт, хуурайшилт өмнөд Европт түймрийн давтамж, хамрах хүрээг улам нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.


