ОХУ Украины нийслэл Киев хотод дрон болон пуужингаар томоохон цохилт өгч, Украины онцгой байдлын албаны мэдээлснээр дор хаяж 21 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ. Довтолгоонд орон сууц, зочид буудал, эмнэлгийн байгууламж өртсөн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. Зарим эх сурвалж амиа алдсан хүний тоо 27-д хүрсэн гэж мэдээллээ.
Оросын арми долоодугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Украины нийслэл Киев болон хэд хэдэн мужид пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр өргөн хүрээтэй довтолгоо хийлээ. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр дайралтад олон зуун дрон, хэдэн арван пуужин ашигласан нь сүүлийн саруудад болсон хамгийн том агаарын цохилтуудын нэг болж байна.
Довтолгооны улмаас Киев хотод орон сууц, иргэний дэд бүтэц, төмөр замын байгууламжууд гэмтэж, олон хүн амиа алдаж, шархаджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський барууны орнуудаас агаарын довтолгооноос хамгаалах системийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг дахин уриалсан байна.
Сүүлийн саруудад Орос агаарын довтолгооны цар хүрээг эрчимжүүлж, Украины эрчим хүч, батлан хамгаалах болон логистикийн байгууламжуудыг онилох болсон. Энэхүү шинэ довтолгоо нь энхийн хэлэлцээний оролдлого үргэлжилж буй үед болсон нь дипломат хүчин чармайлтад шинэ дарамт үүсгэж байна.


