Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон залилах гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэж байна. Ажлын хэсэг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бүрэн гүйцэд явуулж, хэргийг шийдвэрлэх зорилгоор олон хохирогч, холбогдогчтой, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ их зэрэг нөхцөл байдлыг харгалзан зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилох, дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагад хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох арга хэмжээ авчээ.
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироож залилсан 7 хэрэгт 19 иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 22 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.


