ОХУ-ын Улаан-Үүд хотноо 7 дугаар сарын 2-5-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн “Алтаргана” наадамд 5 орны 5,300 гаруй хүн хуран цуглалаа. Манай улсаас 6 аймгийн төлөөлөл болсон 1,200 гаруй хүн соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан наадамчин олонд илгээсэн мэндчилгээндээ буриад зон олон эх хэл, өв соёлоо хадгалан үлдэхэд манлайлж буйг сайшаагаад: “30 гаруй жилийн түүхтэй энэхүү наадам нь өдгөө бүс нутгийн соёлын томоохон арга хэмжээ төдийгүй жуулчдын сонирхдог аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болж өргөжсөнийг” онцолсон юм.
Наадмын онцлох тэмцээн болох “Сээр хугалах” төрөлд Монгол Улсын тамирчин Б.Мөнхжаргал тэргүүн байр эзэллээ. Дараагийн буюу 17 дугаар “Алтаргана” наадам 2028 онд ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдах юм.


