Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олголоо.
МУГД, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн: Энэ жил “Буянт гол” эгшиглээсэй. Олон сайхан шавь төрүүлсэндээ баяртай байна.
Монгол бөхийн ариун ногоон дэвжээ бүгдийг ивээх болтугай. Ариун ногоон дэвжээндээ барилдаж байгаа бүх бөхчүүдийг ивээх болтугай. Цолтой нь цолоо ахиулж, цолгүй нь цол авах болтугай. Дэлгэр сайхан наадам эхлэхэд ойрхон болсон байна. Монголынхоо ард түмэнд сайхан баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
Монгол Улсын аварга О.Хангай: Багш маань 2005 оноос шавь бэлдэж эхэлсэн. Олон сайхан залуучуудад амьдралын замыг нь нээж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа, үндэсний бөхийн аварга шавь төрүүлсэн цөөхөн багшийн нэг.


