Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн далбааг мандууллаа.
Монгол улсын төрийн далбааны өдрийг Улсын Их Хурал 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг баталсан. 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ. Харин 2010 оноос тухайн үеийн Монгол улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсан Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг сэргээж, төрийн далбаагаа нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбайд мандуулж хүндэтгэл үзүүлж цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон түүхтэй.


