Алтны үнэ 2025 оны турш өссөн ч хамгийн огцом өсөлт 2026 оны нэгдүгээр сард эхэлсэн. Тухайн үед нэг унц алтны үнэ түүхэндээ анх удаа 5,500 ам.долларыг давж, 1-р сарын 29-нд 5,501.70 ам.долларын дээд амжилт тогтоосон юм.
Манай улсын хувьд 7 дугаар сарын 9-ний байдлаар алт худалдаж авах ханш 468,170.94 төгрөг байна.
Үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал:
- Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, ялангуяа АНУ–Израил–Ираны мөргөлдөөн хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө болох алт руу чиглүүлсэн.
- Дэлхийн төв банкууд, тэр дундаа Азийн орнууд алтны нөөцөө нэмэгдүүлсээр байсан нь эрэлтийг өсгөжээ.
- Ам.долларын ханшийн савлагаа, санхүүгийн зах зээлийн тодорхойгүй байдал мөн алтны үнийг дэмжсэн байна.
Харин хоёрдугаар сараас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлжээ. Газрын тосны үнэ өссөнөөр инфляцын дарамт нэмэгдэж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх магадлалтай гэсэн хүлээлт үүссэн нь алтны ханшийг бууруулсан байна. Өндөр хүүтэй үед хөрөнгө оруулагчид өгөөжгүй алтнаас илүү бонд зэрэг хөрөнгөд мөнгөө байршуулдаг тул алтны эрэлт саардаг.
Одоогийн байдлаар нэг унц спот алт ойролцоогоор 4,010 ам.доллар, Comex-ийн наймдугаар сарын фьючерс 4,019 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Энэ нь оны эхний түүхэн дээд үнээс ойролцоогоор 27 хувиар доогуур байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад алтны үнэ өндөр түвшинд хэвээр байгаа юм.


