ЕБС-д ойрын гурван жилд үүсэх ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр шийднэ гэвэл 12 их наяд төгрөг давсан зардал хэрэгтэй. Харин оргил ачааллыг зөв зохион байгуулалт, оновчтой төлөвлөлтийн хүрээнд үр ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн /2026.7.21/ Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор энэ хичээлийн жилд 15–20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, 3000-аас дээш сурагчтай 38 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна. Мөн нийслэлд 50 хотхоны бага сургуулийн зохион байгуулалтыг хийж, 26 мянган хүүхдийг хамруулна
- 2026–2027 оны хичээлийн жилд 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8,100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана. Цэцэрлэг болон ЕБС-ийн 1, 6, 10 дугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт хамрагдана.
- Энэ хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, хамгийн эхэнд 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна.
Мөн нийслэлд 50 хотхоны бага сургуулийн зохион байгуулалтыг хийж, 26 мянган хүүхдийг хамруулна. 2008-2014 оны хооронд өндөр төрөлтийн үе тохиож, тэр үед төрсөн хүүхдүүд дунд, ахлах ангиудад орж байна. Энэ ачааллыг төр дангаараа шийднэ гэвэл 12 их наяд болон түүнээс давсан зардал гарах юм байна.
Гуравхан жилийн өндөр ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр гаргахгүйгээр цэцэрлэгийн хүртээмжийг шийдсэнтэй адил зургаан бүтцийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
- Хотхоны болон төрөлжсөн ахлах сургууль
- Сургуулийн өргөтгөлүүдийг хийх
- Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиудыг түшиглэх, түрээслэх
- Шинээр сургууль барих
- Тохижилт, анги танхимын зохион байгуулалтыг өөрчлөх
- Сургалтын алтернатив хувилбаруудыг ашиглах зохион байгуулалтуудыг хийнэ.


