Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.
Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.
Төслийн 2 дахь шатны хүрээнд 199 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно.
Экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна.


