Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ОХУ-ын Омск хотод болсон уулзалтын үеэр Украины дайныг түр хугацаанд “царцааж”, энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхийг олон нийтийн өмнө уриаллаа. Энэ нь Москвагийн хамгийн ойрын түншүүдийн нэгийн зүгээс Кремльд хандсан хамгийн ил тод энхийн уриалгын нэг болж байна.
Токаев “залуу хүмүүс хоёр талдаа амиа алдаж байна. Энэ дайныг үргэлжлүүлэх бус, эхлээд зогсоож байж улс төрийн шийдэлд хүрэх ёстой” хэмээн онцолж, 2022 болон 2025 онд яригдсан ч үр дүнд хүрээгүй “Истанбулын хэлэлцээ 2.0” хэлбэрийг сэргээх санал дэвшүүлжээ. Тэрээр мөн томоохон гүрнүүдийн аюулгүй байдлын баталгаатай шинэ хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха Токаевын мэдэгдлийг сайшааж, “бодитой, цаг үеэ олсон, ухаалаг санал” хэмээн үнэлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос улс цэргийн ажиллагаагаа зогсоох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, Киев Москвагийн тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хүртэл дайны зорилго өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн байна.
Казахстан дайн эхэлснээс хойш төвийг сахисан байр суурь баримталж ирсэн бөгөөд Оросын нэгтгэсэн Украины нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Ийм нөхцөлд Токаев Путинтэй зэрэгцэн сууж ийм санал гаргасан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж, Кремльд үзүүлж буй дипломат шахалт нэмэгдэж буйг харуулсан үйл явдал гэж шинжээчид үзэж байна.


