Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.07.29/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Үүнд:
- Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.
- Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21 хувьтай. 2027 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна.
- Улаанбаатар хотын 17 байршилд 18.9 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил 62.5 хувийн гүйцэтгэлтэй.
- 3053 шугам тоноглол, цахилгаан дамжуулах, агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1 хувийн гүйцэтгэлтэй.
- Орон сууцны хороолол дундах шугам сүлжээг шинэчлэх ажлыг 19 байршилд хийж, 15 км шугам, сүлжээг шинэчилсэн.
- Ус тогтдог 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралт 72 хувь, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай.
- 2026-2027 оны өвөл зам талбайн хальтиргаа гулгаанд 11,025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцөлнө.
- 2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, 20 ААН оролцон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснийг зээлийг судлахаар арилжааны банкуудад хүргүүлсэн
- Улаанбаатар хотод боловсролын салбарт 131 арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгааг тус, тус онцоллоо.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг 8 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн дуусгавар болгох бол гэрт ойрхон сургууль буюу “Хотхоны бага сургууль” байгуулах ажил эхэлсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303 айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ.


